Сургасан зохиолыг нь өөр талаас нь харж үзвэл..
Өөрийн айдэнтитигээ ойлгож эхэлж байгаа миний гэгээрлийн эхэн үеийн тэмдэглэл.
Би жишээ нь Монголын урлаг соёлын мэдлэг тун тааруу л өссөн. Занабазар гэж сонсож байснаас биш, тэр хүний бүтээл яагаад ийм чухал байдгийг Занабазарын музей орж үзэхээс өмнө ойлголт ч үгүй байсан байх. Анх орж үзээд ч, наалдаж ойлгосон зүйл нь мөн хангалтгүй л байх. Гэтэл гадаадад Занабазарын renaissance (урлаг соёлын сэргэн мандалт) үеийн гээд жижигхээн бүтээлүүд нь дуудлага худалдаагаар сая гаран доллар, еврогоор зарагдсан байх нь үнэхээр сонирхолтой. “Atelier de Zanabazar” гээд 3’457’500 Еврогоор хүрэл бурхан нь зарагдах жишээний.
Энэ нь Монголд байсан гар урлал, дархадын урлал, сургууль дамжсан авьяас нь өөрөө соёлын үнэт өв гэдгийг илтгэж. Олон гоё соёл дотроос Занабазарын сургуулийн ур ухааныг ойлгож олон улсад үнэлж байгаагийн нэг илрэл юм. Азийн Микеланжело ч гэж урлаг судлаачдын дунд гайхагддаг Занабазарыгаа би таниагүй байсан нь энэ.
Монголын Хүрээ сүм хийд нь коммунист засаглалаас өмнө захиргааны гол нэгжийн үүрэгтэй байж. Хүрээ нь суурин сургууль, коллеж, эмнэлэг (мэс засал), шуудан холбооны үүрэгтэй байсан. Мөн уг суурингуудаа тойроод эрт дээр үеээс хөгжиж ирсэн олон төрлийн урлах ухаан, бичиж үлдээсэн ном судруудаа хадгалдаг өвийн суурингууд байлаа.
Ном судруудаа бичихдээ олон зуун жил хуримтлагдан ирсэн эрдэм, мэдлэг, туршлага дээр суурилж, олон салбар шинжлэх ухааны бүтээлүүд туурвидаг байжээ. Жишээ дурдахад уламжлалт анагаах ухаан, модон урлал, хөгжмийн зэмсгийн урлал, бурхан урлал, мөн түүхээ бичсэн судар, иргэний тооллого гэх мэт олон ном нь Монголын газар нутгаар хэрсэн Хүрээ хийдийн өртөөлсөн номын санд байршиж байж.
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гэж Монголчуудын түүхэн ой санамж устгасан муухай олон жилийн дарлал нь 1920 оны үед эхэлсэн байдаг. 1930–1940 онуудад харгислал нь эрчимжиж, оргил үедээ хүрсэн. Харгислал нь мэдээж хүн амын 10%-ийг алж, 800 сүм хийд устгасан түүх байдаг. Энэ хооронд шашны татвар ч авч, өөрийн соёлоо ашиглахыг татвараар шийтгэх ч арга сэдсэн байсан. Тэгвэл энэ яргалал нь иргэдийн ой тогтоолт, зан үйлд нь хэрхэн бичигдсэн бол?
Монголд 1940–50-д оноос хойш төрөгсөд бол ихэнхи нь улс төрийн яргалалаас хойш төрсөн үеийнхэн. Үүнээс хойшхи үеийнхэн бол өнгөрсөн түүх, өөрийн Монгол гэх ижилслээсээ салангид, коммунист пропагандад нэвчин өсөхөөс өөр боломжгүй байлаа (Buyandelger, 2013). Хойч үеийнхэн эцэг эхийнхээ хэдхэн жилийн өмнө туулсан цуст яргалал, аллагын талаар ойлголтгүй өсөж. Яагаад гэхээр үлдсэн ээж нарыг нь айдсаар дуугуй байлгаж, харин хүүхдүүдийг нь коммунист төрийн өгүүлэл, зохиомжинд өсгөж байлаа. Мэдээж эцэг эх нь өөрийн түүхээ тээж байгаа тул, хүүхдийнхээ нүднээс далдуур зан үйлсээ хийж, хэрвээ хүүхэд нь мэдсэн байвал дуугуй байлгахын тулд зодсон ч түүх байдаг (Тэгшээгийн бөөгийн зан үйл дуурайж байгаад эцэг эхдээ зодуулсан түүх, 2013).
1960–70 онд төрөгсөд бол өөрийн түүх, ижилслээс улам холдож өссөн үеийнхэн байдаг. Тэр үеийнхэн маань аргагүй эрхэнд ийм байдалд бус, өссөн орчин нь бүхэлдээ энэ тороор хэлхэн торолсон үеийнхэн. Энэ хэрэлтийг хүнд суртлын матриц гэж Мандухай Буяндэлгэр (Tragic Spirits, х.81) тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү чимээгүй болгох технологиор дамжсан Монгол улс маань хуучнаа мэдэх боломжгүй болж, Коммунист өгүүлэл зохиомжин дунд өсөн торнисон байдаг.
Тэгвэл нэг жишээ болгож 1963 оны Нүгэл Буян МУСК кино эхлэхдээ хэлдэг гоё яруу уншдаг үгсийг задалж үзье. Энэ кино хийгдэх үед Монгол Кино нэгдэл мөн л хатуу хүнд суртлын хяналтан дунд, зөвлөлт суртал ухуулгыг нь хийж өгдөг институц байлаа. Нүгэл Буян киноны эхлэл хэсэг дээрээс бидэнд юу итгүүлж байсныг харах боломжтой юм:
Монгол орон хоцрогдож байлаа
Монгол хүн дарлагдаж явлаа
Өнгөрсөн үе тэр цагийг эргээд харахад
600 сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоод
100 мянган ажлын эрчүүл жанж нөмрөн залбиран бишрээд
Буддын шашны хуурмаг номлолд
Бүгдээр мунхран төөрөгдөж байлаа
Энэ үе бол эрхтэн дархтанд жаргалын үе
Энэ үе бол эгэл түмэнд зовлонгийн үе байсан
Энэ хэдхээн мөрт хэд хэдэн санаа агуулж байгаа юм:
- Монгол орон хоцрогдож байсан гэх. Гэтэл дээрхи Занабазарын сургууль, мэс заслын хэрэгсэл, сургуулиуд бол харин ч Монгол хоцрогдоогүй, өөрийн түүхэн мэдлэг дээрээ хөгжөөд явж байсныг илтгэх эсрэг фактууд байгаа юм. Коммунистууд жишээ нь цахилгаан Монголд оруулж ирсэн гэж ярьдаг ч, Монголчууд тэрнээс өмнө ч цахилгаан гаргах станцаа байгуулсан байдаг.
2. Монгол хүн дарлагдаж байлаа гэж. Хүн амын амын 10%-ийг алсан өөрийн үйлдлээ хэлээд байгаа юм уу гэхээр биш, лам нартай л холбож, тэд л бараг даралсан байсан гэж итгүүлээд байгаа юм. Бүр сонин нь 1912–1915 онуудад Өвөр Монголыг нөгөө Англи-Францын кварталд дарлуулж байсан Хятадаас чөлөөлөх дайныг Богд хаан өрнүүлж байсан байх юм. Энэ нь Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдаан гээд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, 1912–1915 он.
3. “600 сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоод”- гэж. Энэнд би бүр үнэхээр дджааахан эгдүүцдэг. Сүм хийд нь Чингисийн үеээс бүтсэн Өртөө Яамны суурин дээр боссон захиргааны сүлжээ байсан. Энэ нь жишээ нь Чингисийн хөвгүүдийн үед улам төгөлдөршиж усан флот ч бий болсон байдаг. Тэгэхээр энэ нь ахиад л түүх гуйвуулж, шинэ хуурмаг ойлголт нутагшуулж байгаа технологи юм. Мэдээж өвөө эмээг нь “мэдэхгүй мэдэхгүй” гэж хэлдэг коллектив трауманд оруулчаад, дараа үеийнхэнд ингэж ойлго гэж халбагдаж өгч байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь энэхүү Өртөө Яамаар дамжих сүлжээ нь Монголын эзэнт гүрний гол хүчний нэг хэлбэр байсан бөгөөд, PaxMongolica-г барьдаг байсан. Энэ сүлжээг маань коммунист ЗХУ өөрийн газар нутаг дээрээсээ бол устгахгүй, харин ч бүр гангарч “Ям-Гонка” гэж ашиглаж байсан. Одоо ч энэ сүлжээ нь Оросын олон хотын нэрээр үлдсэн байдаг жнь Москва дахь Ям дүүрэг, Ям-Тёсево, Гаврилов- Ям гэсэн суурингууд. Мөн үгний хэрэглээндээ Ямшик гэдгээр шууданч хүнээ нэрлэж ч хэрэглэгддэг.
4. “100 мянган ажлын эрчүүд мунхран суудаг байжээ” гэж байна. Коммунистуудын гол хийсэн зүйл бол хэзээ ч биелэшгүй их ажлын норм тавьж, тэрийгээ гүйцээхийг шаардаж, Монголчуудыг залхуу ажилгүйгээр нь дуудаж, хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байсан байдаг. Хөдөө орон нутагт “Нэгдэл” гэдгээр хөдөлмөр мөлждөг байсан бол, хот сууриндаа аж ахуй, үйлдвэрийн хэлбэртэй байлаа. Үүнд оюутан залуусын хөдөлмөрийн мөлжлөгийн талаар бичвэл бараг ном болох байх.
“Ажил хий, залхуу юм” гэх хэллэг нь зөвхөн Монголд ч өрнөөгүй. Хуучин ЗХУ-н мэдэлд байсан бүх орнуудад энэхүү суртал ухаалгаа явуулж, хөдөлмөр эрхэлж байгаа хүнээ нэг л их жаргалтайгаар дүрсэлдэг байсан. Монгол Кинонд энэхүү хөдөлмөрчинийг дүрсэлсэн жишээ бол Хөхөө Гэрлэх Дөхлөө МУСК байна. Kligman (1998) судлаачийн коммунист ЗХУ-ын эдийн засгийн зорилгууд нь юун дээр тулгуурлаж байсан, мөн Румынд хэрхэн биелж бсан бичвэрт:
“ЗХУ-ын эдийн засаг нь ажилтан ангийн олдоц дээр суурилж байсан, өөрөөр хэлбэл хүний капитал, мөн хүний капиталыг төлжүүлэх төрөлт дээр суурилж байсан”
гэж дурдсан байдаг. Үүний тулд мэдээж Монгол соёл дээр суурилсан ажлыг ажил биш гэж үзэж, харин өөрийн үйлдвэрийн нормын төлөө махаа хатааж байгааг сайн хүн гэх гээд байгаа юм. Тэгээд энэ ажилтанг төрүүлэх биологийн эх нь мөн захиргаадалтаар хүчлэгдэж байх ёстой болж.Үүний дагуу Монгол эмэгтэйг өөрийн нөхөн үржихүйгээ мэдэх эрхгүй болгож, хүүхэд гаргахгүй бол насаараа Хүүхэдгүйн татвар төлж, харин нормоо гүйцээвэл Алдарт эх авах эерэг болон сөрөг санкцтай нийгэм бүтээж байлаа.
5. Бүгдээрээ мунхран сууж байлаа гэж. Хүн төрлөхтөн үе хооронд өөрийн өвөг дээдсийн хийж байсан ур ухаан, хөдөлмөрийн арга барилаа дараа үедээ өвлүүлээд л явдаг. Ингэж соёлын биет өв, болон биет бус өв үүсдэг. Аж үйлдвэрийн нийгэм харин хүнээс ухаан шаардахгүйгээр ажлыг нь маш олон жижиг хэсэг болгож хуваагаад, хүн нэг л юмаа робот шиг давтаж хийх түвшинд задалдаг. Харин ур ухаан, соёлын бүтээл бол хүн анхнаас нь дуустал ганцаараа хийх тэр их түүвэр мэдлэг, чадварыг өдөр тутам хийж төгөлдөршүүлснээр суудаг. Жнь нөгөө хэдэн сая еврогоор зарагдаад байгаа Занабазарын бүтээл. Тэгэхээр тэр их мэдлэгийг хүн өөртөө олон жилийн турш, олон хүний сургааль дунд оршин өөртөө шингээж бүтээл гаргахдаа яг мунхрах уу, харин үйлдвэрийн дамжлагад зогсохоор мунхрах уу гэдэг асуулт үүснэ тэ? Занабазарын сургуулийнхан мунхраад л хэдэн сая долларт хүрэх бурхан бүтээдэг бол, мунхрал хичнээн гоёоо.
За ингээд, бид нэг талаас нь бидэнд хэрхэн дээрээс доош бороо мэт байнга ухуулж байсныг харж авлаа. За тэгвэл коммунист яргалалаас өмнө төрсөн, тухайн үед амьдарч байсан нэгэн настны дурсамжаас хүргэе:
Д эмээ: Тийн. Тэгээд л сайхан дуган сүмтэй тэгээд л тэнчээ чинь хурал номоо хурдаг майдар сар гээд л энэ одоо цам мам гээд зөндөө одоо гарч л байлаа шдээ… тэ. Аан тэр тэр майдраар одоо тэр дээшээ гараад л, тэгээд л тэр чинь үзэж хараад л яваад л… их л гоё…. тийм л байдаг байсан. Тэгээд л сүүлдээ л одоо эсэргүүн гээд л өнөө лам нарыг чинь баригдаад л, хүрээ хийдийг чинь устгаад л… нөгөө нэг бурхан бурхан шүтээнүүдийг чинь одоо …том газар ухчихаад л тэрүүн нь одоо байдаг юм.. тэрүүнд нь хийгээд л шатаагаад л. Манайх чинь өнөө олон ах лам нартай болохоор хүрээндээ ойрхон ч байдаг байсан. Тэгээд л тэрийг чинь шатаагаад л, тэгээд л лам нарыг чинь том том одоо энэ ачааны том машаанд ачаад л…
…аан манайхныг чинь тэрүүгээр чинь тэгээд бариад л, нэг их улаан улаан орхимжууд нь хийсээд л… хөөрхий минь… тэгээд л аваад явдаг л байсан…
…Тэр үед тэгдгийг нь одоо би болбол сайн мэддэг л юмдаа. Тэр хүрээ хийд байхад ах нар маань одоо одоо тэр Майдар зайдар, Майдар сар боллоо гээд л… тэр цам харайгаад л, ном зом уншаад л тэрийг чинь одоо би бол сайн мэднэ л дээ… угаасаа бага байсан хэрнээсээ одоо нөгөө ойрхон ах лам нар их олонтой. Тийм байсан болохоороо тэр хийд дээр нь одоо энэ ээж, аавтайгаа очиж бас нааш цаашаа явж байсан болохоороо тэрийг болбол мэддэг л байсан.
У: Хүрээ хийдийн цам үсэргэх их гоё ёслолууд байдаг байсан уу?
Д: Ёстой гоё байсан даа…
Энэ эмээгийн нүдээр тэрхүү цаг үеийг харвал Хүрээ хийд нь тухайн үедээ нийгэмдээ нийгэмшлийн цөм, олон төрлийн дуу хуур, бүжиг хийдэг, зон олондоо соёлтойгоо харьцдаг нийтийн гоё хүртээмжтэй орон зай байсан нь илт байдаг. Харин сөргөөр дүрслэгдэж, дарлаж байсан нь өнөөх кино хийлгэж байгаа коммунист нөхдүүд байгаа нь илт. Өчнөөн арван жилийн дараа ч нөхдүүдийн “яргалал”, дарлал, болон нөгөө талд өөрийн зон олны улаанаар эргэсэн гэр гэж ой санамжинд үлдтэл айдаст автуулсан нь тод байгаа юм.
Өвөрхангай аймгийн хуучнаар Мөнхбулаг сум, одоогийн Зүүнбаян сумын иргэн Н өвөөгийн дурсамжаас (2007 он):
Ж: Энэ хүрээ хийдийг хэдэн онд хаасан бэ?
Н: Энийг чинь 1939,1940 онд л нураасан даа.
Э: Тэр Ахай бэйсийн хүрээнд Асгат уул гэж байгаа юу?
Нацаг: Байгаа.
Ж: Тэнд суварга байсан уу?
Нацаг: Байсан, зөндөө суварга байсан. За манай Арвайхээрийн хүрээ гэж Өвөрхангайн хүрээг чинь.. манай эцэг гучин найман онд баригдсан, цаазаар авахуулсан. Тэгээд хойтон жил нь ээж мийн баригдаж ухаан алдаж унаад нас барсан. Тэгээд би өнчин дүү нартайгаа үлдсэн. Тэрнээс хойш эсэргүүний үлдэгдэл гээд өнчин ишгний ч үнэгүй их ядарч зүдэрч явсан.Энэ ерэн оноос хойш харин хүний тоонд орж сайхан юм үзээд явж л байна.
Энэ манай Өвөрхангай чинь Гэндэнгийн нутаг гэдэг нэрийн дор их хэлмэгдсэн шүү дээ. Гэндэн гэж ерөнхий сайд байсан юм.Тэрний нэрийн дор албан хаагч, сэхээтэн, малчин, оюутан, эмч энэ Өвөрхангайг чинь гоц сүйтгэсэн шүү дээ. 1200 хүнийг л цаазаар авсан шүү дээ.
Ингээд Нүгэл Буян кино бидэнд юу итгүүлж байж, харин тэр үед юу болсонг өөрийн нүдээрээ гэрчилсэн хүний дурсамж хоёр хэрхэн хоёр өөр ертөнцийн талаар яриад байгааг бид харж болох юм. Харамсалтай нь бидний тэр их соёлыг тээж байсан сүм хийдийн өртөөлсөн соёлыг бүгдийг нь нурааж, танктай, пулемёттой очиж энгийн иргэд, лам нарыг алж байсан нь (Жишээ нь Яруугийн Хүрээний бослого)үнэхээр аймар бөгөөд харамсалтай. Тэр зүйлсийг туулсан эмээ өвөө нарын үе “мэдэхгүй мэдэхгүй” гэж өөрийн тэр их уй гашууг нуун залгиж байсныг би сүүлд ойлгосондоо их харамссан.. Бид харин өнгөрсөн үеээ сэргээн таних үүрэгтэй мэт санагдаж үлдсэн. Коммунист линзээ нүднээсээ авч хаях.
Үүнээс өөртөө тэмдэглэж үлдсэн чухал зүйл бол:
Хүний өөрийн туулсан амьдралын талаар тэр хүнээс өөр хэн ч илүү хэлж өгөх боломжгүй, тиймээс одоо байгаа эмээ өвөө нараа хүчлэхгүйгээр хажууд нь байж яриулж, түүхийг нь ойлгож, итгэж өгөх их чухал санагдсан. Мөн бидэнд таваглаж өгч байсан түүхийг ахин бодож, үзэж байсан хуучны кинонуудаа ахин шинээр үзээрэй.
Хуучин Орос колончлогч маань дэлхийд сэтгэлзүйн мэдээлэл тараах, хуурамч мэдээ түгээлтээрээ дэлхийд толгой цохиж байгаа. Энэ үед ч юуг зөөлөн аргаар итгүүлэх гэж мэдээлэл түгээж байгаа бол гэж ажиглан хэрсүү байхыг хүсье.
Коммунист суртал ухуулга бүхий хуурамч Монголын түүхээ мартаж, ахин шинээр Монгол түүхээ сурахыг хүсье.